Ганбаатарын Отгонбаатар гэх залуу “Зүрх бүхэн баярлаг” аяныг зохион байгуулж Дархан уул аймгийн захын хорооллоор хүүхдүүдэд бэлэг тарааж яваа билээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа тус аяны хүрээнд өнөөгийн нийгэм ямар байгаа дүр зургийг ил гаргаж байна. Тус аян нь арав дахь жилдээ явагдаж байгаа юм. Аяны хүрээн дэх тэмдэглэлийг хүргэе.
БАС Л НЭГ ТОГГҮЙ ГЭРГҮЙ 3 ХҮҮХЭДТЭЙ ЭЭЖ. 5-НАСТАЙ ХҮҮХДИЙНХЭЭ ХӨЛИЙГ ААВ НЬ ХУГАЛААД ЯЛ АВЧЭЭ. БИД БЭЛЭГ ӨГӨӨД ГАРЛАА ЭРГЭЭД ЗААВАЛ ЭНЭ АЙЛДАА ИРНЭ ЭЭ.
ГЭР ГЭХЭД ХЭЦҮҮ ЯДАХАД ӨӨРИЙНХ НЬ Ч БИШ
Зорин очсон айл бүрийн амьдрал алдаа, оноо, асуудал, бэрхшээлтэй байх нь нийтлэг. Аа бас, ажилгүй, орлогогүй ч гэр орондоо дулаахан цэвэрхэн, хэдэн хүүхдээ бөөцийлөн суух ээж, аав ч мэр сэр байх.
Согтуу аав хөнжлөөр өөрийгөө хучиж, хөл нүцгэн, зутруухан хүүхдүүд нь гэрэл гэгээгүй бүүдгэр харцтай сууцгаана. Хөл нүцгэн гүйх жаалыг халамцуу эр “Манай энэ чанга гар, ямар ч хүйтнийг тоохгүй” гэж муйхарлан сууна. 8 сартай, 1,8 настай хоёр охиныг ээж нь гэх залуухан эмэгтэй хажуу айлынхаа согтуу өвгөнд үлдээгээд явжээ.
Сураглахад хоёр том хүүхдээ дагуулаад тогны мөнгөө тушаана гээд явсан гэх. Харанхуй гэрт хар элгийн халамцуу эрд даатгаад явсан охидын томынх нь хатгаа хүндэрч, зайгүй ханиалгана. Төслийнхөн согтуу эмэгтэйг олж, хоёр багатай нь эмнэлэгт хэвтүүлээд, хоёр томыг нь хамгаалах байранд хүргэжээ.
Гурван охин, нэг хүү төрүүлсэн хориодхон настай залуу бүсгүй нэгэнт архины хамааралтай болсон учир хороо, цагдаа, төслийн хамтарсан баг хариу арга хэмжээ авахаар ажиллаж байна. Гэр гэхэд хэцүү болсон энэ газар гурван хүүхэдтэй ээж амьдардаг. Таван настай хүүгээ төрсөн эцэг нь хөлийг нь хуга цохиод ял аваад явжээ. Өнгөрсөн намар болсон хэрэг. Гэрэлгүй, ундуу сундуй, хүйтэн гэр. Өр өвдмөөр энэ айлд хэсэг амттан өгөөд орхиод явахад хэцүү байв. Тийм ч учраас Кристина Ноблийн Хүүхдийн санд хүсэлт тавихад нааштай хүлээн авчээ. Өнөөдөр энэ айлд тус сангаас иж бүрэн тавилгатай гэр гардуулна.
Зөвхөн гурван айлын амьдралын мэдээлэл энэ. Очсон айлуудын ихэнх нь архины хамааралтай. Хүүхэд бүр эрх нь зөрчигдсөн байр байдалтай. Хойд эцгийн ялгаварлан гадуурхалт, архичин аав, ээжийн үл хайхрах хүчирхийллээс гадна ажилгүйдэл, ядуурлаас тэдний үндсэн эрх зөрчигдсөөр.
Тус төслийн санаачлагч Г.Отгонбаатар “Яг үнэндээ ингээд явахад кэйсгүй айл гэж бараг л алга. Үнэхээр хэцүү. Бид яагаад бичлэг хийж, зураг тавиад байгаа вэ гэхээр энэ хүүхдүүдийг анхаармаар байна. Цөөнгүй өрх айлын хашаа, гэр, түрээсийн байшин, подвальд амьдарч байгаа болохоор оршин суух үндсэн хаяггүй байх нь элбэг. Жилдээ ганц удаа ч гэсэн баярлаг гэсэндээ хүнээс гуйж авсан бэлгээ бариад очдог. Зүрх бүхэн баярлаг төслийг маань хүмүүс тодорхой хэмжээнд мэддэг болсон учраас олон хүн нэгдэж байна” гэлээ.